Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР" өдөрлөгийг улирал бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бил.. 2017 оны 1-р улиралын "ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР" өдөрлөгийг цас мөсний баяраар энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт 3 төрлийн тэмцээн зохион байгууллаа. Үүнд:
1. Сумо бөхийн барилдаан
- Эрэгтэй төрөл - 1 тамирчин
- Эмэгтэй төрөл - 1 тамирчин
2. Мөсний шагай /багаараа/
3. Чаргаар хэний баг хурдан гулгах вэ? гэсэн 3 төрлийн тэмцээнийг зохион байгууллаа.
Өдөрлөгт 10 багийн нийт 80 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж нэгэн өдрийг хамт олон найз нөхөдтэйгээ эрүүл агаарт өнгөрөөсөн сайхан өдөр байлаа.
Эрэгтэй сумогийн төрөлд "НАСО" ХХК-ийн бөх П.Түвшинтогтох тэргүүлж, 21-р өртөөний тамирчин н.Буянбаатар удаалж, үзүүрт "ЭНХ-ОЮУ ДЭВЖИХ" ХХК-ийн бөх А.Чингис орсон бол эмэгтэй сумогийн төрөлд 3-р сургуулийн менежер О.Алимаа тэргүүлж, сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Базаррагчаа удаалж, үзүүрт 3-р цэцэрлэгийн туслах багш Э.Цэцэгмаа үзүүрлэсэн байна.
Тэмцээн багаараа мөсний шагай харвах тэмцээнээр үргэлжиллээ. Уг тэмцээнд 3-р цэцэрлэгийн баг тамирчид 8 сумнаас 2 сум нь байг онож 3-р байранд орсон бол, "ЭНХ-ОЮУ ДЭВЖИХ" ХХК-ийн баг, ИТХ-ын баг 8 сумнаас 3 сум нь байг онож тэнцэж дахин сум тавих боломж олгож "ЭНХ-ОЮУ ДЭВЖИХ" ХХК-ийн баг тамирчид шийдвэрлэх мөчид тавьсан сум нь байг онож мөсний шагай харвах тэмцээнд тэргүүн байрыг эзэллээ.
Дараагийн тэмцээн чаргаар уралдах тэмцээн байлаа. Уг тэмцээнд 10 багийн нийт 20 тамирчид оролцож гараанаас эрэгтэй тамирчин нь эмэгтэй тамирчинаа чаргаар чирж буцаж ирэхдээ эмэгтэй тамирчин нь эрэгтэй тамирчинаа чирж ирэх дүрэмтэй байлаа. Илчлэг-Шивээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын баг тамирчид хамгийн богино хугацаа болох 48 минут 05 секунтэд даалгавараа биелүүлсэн бол удаах байранд 22-р өртөөний тамирчид 48 минут 57 секунт, "ЭНХ-ОЮУ ДЭВЖИХ" ХХК-ийн тамирчид 49 минут 07 секунтэнд даалгавараа биелүүлсэн байна. Ингээд "ЭНХ-ОЮУ ДЭВЖИХ" ХХК багаараа 2017 оны цас мөсний баярын тэргүүн байрыг хүртлээ.
Тэмцээнд оролцсон баг тамирчид, хөгжөөн дэмжихээр ирсэн иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууддаа талархал илэрхийлж цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.