“ШИВЭЭГОВЬ - НЭГДСЭН ЗАРЫН ГРУПП” цахим хаягт Zulaa Zultsetseg-ийн байршлуулсан мэдээлэлд тайлбар танилцуулж байна.
Сумын 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлтээр оруулах газрын саналыг сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ нь 2017.10.10-ны өдрийн 1/591 тоот албан бичгээр ирүүлсэн. Энэхүү газар нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үйлдвэрлэл /нүүрс баяжуулах/-ийн зориулалттай, 27.8 га хэмжээтэй, байршил нь 22-р зөрлөгийн баруун хойд талд. /талбайн солбицол нь тусгагдсан/
Уг асуудлыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 23-р хуралдаан /2017.11.07/-аар Тэргүүлэгчдийн 100%-ийн ирцтэйгээр хэлэлцсэн. Энэхүү асуудал нь өмнө нь 2017 оны 5-р сард Засаг дарга оруулж ирсэнийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11-р хуралдаан/2017.05.23/-аар хэлэлцэн газрын байршил тохиромжгүй, иргэдийн амьдрах эрүүл аюулгүй нөхцөлийг хангахгүй байсан учир саналыг хүлээж аваагүй бөгөөд газрын байршлыг дахин өөрчлөх үүрэг өгч буцаагдаж байсан.
Уг газар нь 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдвал суманд 6.0 тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж, сумын 30 иргэн байнгын ажлын байраар хангагдан, тэдний ард 100-150 өрхийн гишүүдийн амьжиргаа дээшлэх, мөн төсөл нь 6 жилийн хугацаанд хэрэгжээд цаашид тээврийн ложистикийн төв болгон орон нутагт хүлээлгэн өгөх, дэд бүтцийн хүрээнд босоо тэнхлэгийн автозамтай сумын төвийг холбох гэсэн саналууд яригдаж байгаа юм байна.
Засаг дарга В.Бат-Эрдэнийн оруулсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлтээр оруулах газрын саналыг ИТХ-ын ээлжит бус 11-р хуралдаан/2017.11.21/-ы хэлэлцэх асуудалд оруулахыг Тэргүүлэгчдийн 71.4% дэмжсэнээр, ИТХ-ын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн шийдвэрлэхээр болсон.
ИТХ-ын ээлжит бус 11-р хуралдаан/2017.11.21/-ы өдөр 21 төлөөлөгч хүрэлцэн ирсэн боловч хэлэлцэх асуудлаа батлаж чадаагүйн улмаас тухайн хуралдаан тарсан учир сумын 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлтээр оруулах газрын санал нь ИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаан/ 2017.12.05/-аар хэлэлцэгдэх болно.
Иймд Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсаны үндсэн дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлэх, эзэмшүүлэхгүй эсэхийг газрын тухай хуулийн дагуу сумын Засаг дарга шийдвэрлэдэг.
Энэхүү газар зарсан гэх мэдээлэл нь ИТХ-ын төлөөлөгчдийн нэр хүндийг унагаах, худал мэдээллийг цахим хэрэгсэлээр тараах нь зохисгүй асуудал гэж үзэн ИТХ-ын ажлын албанаас мэдээллийг та бүхэнд хүргүүлж байна. Цаашид аливаа нэгэн байгууллагын талаар мэдээлэл тавибал үнэн зөв, бодит мэдээлэл/нотлох баримттай/-ийг албан ёсны цахим хаягнаасаа тавьж байхыг та бүхэнд анхааруулъя.
Манай байгууллагатай холбоотой үйл ажиллагаа, мэдээллийн талаар авахыг хүсвэл ИТХ-ын ажлын алба нь та бүхэнд нээлттэй гэдгийг хэлье.
Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба.
2017 оны 11-р сарын 29, лхагва гариг