Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 23-р хуралдаан 2017.11.07-ны өдөр, Тэргүүлэгчид 100.0% ирцтэйгээр оролцов. Хуралдаанаар сумын 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлтээр оруулах газрын саналыг Засаг дарга В.Бат-Эрдэнэ хэлэлцүүллээ. Уг асуудлыг 2017 оны 5-р сард Засаг дарга оруулж ирснийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хуралдаан /2017.05.23/-аар хэлэлцэн газрын байршил тохиромжгүй, иргэдийн амьдрах эрүүл аюулгүй нөхцөлийг хангахгүй байсан учир саналыг хүлээж аваагүй бөгөөд газрын байршлыг дахин өөрчлөх үүрэг өгч буцаасан юм. 2017.10.10-ны өдөр төмөр замын 22-р зөрлөгийн гармаас хойш 2км зайд төмөр замын хажууд дахин газар хүссэн материалыг албан бичгийн хамт дахин ирүүлсэн.
Уг газар нь 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдвал суманд 6.0 тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж, сумын 30 иргэн байнгын ажлын байраар хангагдан, тэдний ард 100-150 өрхийн гишүүдийн амьжиргаа дээшлэх, мөн төсөл нь 6 жилийн хугацаанд хэрэгжээд цаашид тээврийн ложистикийн төв болгон орон нутагт хүлээлгэн өгөх, дэд бүтцийн хүрээнд босоо тэнхлэгийн авто замтай сумын төвийг холбох гэсэн саналууд яригдаж байгаа юм байна.
Засаг дарга В.Бат-Эрдэнийн оруулсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлтээр оруулах газрын саналыг ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдаан /2017.11.21/-ий хэлэлцэх асуудалд оруулахыг Тэргүүлэгчдийн 71.4% дэмжсэнээр, ИТХ-ын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн шийдвэрлэхээр боллоо.